Logoburger menu

Жирэмслэлтэнд өөрийгөө бэлтгэх 5 зарчим

Жирэмслэлтэнд өөрийгөө бэлтгэх 5 зарчим

Бүсгүй та ээж болохоор төлөвлөж байна уу? Хэрвээ тийм бол жирэмсэн болохоос өмнө өөрийнхөө биеийг бэлдээрэй. Жирэмслэлтэнд өөрийн биеийг бэлдсэнээр жирэмсэний үеийн болон дараах үеийн нурууны өвдөлт бие махбодын төрх байдлын өөрчлөлтөөс урьдчилан сэргийлэх боломжтой юм.

  1. Аарцагны булчингийн хүчийг сайжруулах. Аарцагны гүний булчин (төрөх үйл явцад чухал үүрэгтэй)-ийн хүчийг сайжруулснаар жирэмсэн үеийн аарцагны өвдөлтийг бууруулах, ханиалгах, найтаах үед шээс дусагнахаас сэргийлнэ. Энэ булчингийн хүчийг сайжруулахад манай бүсгүйчүүдийн сайн мэдэх Кегелын дасгал үр дүнтэй байдаг ч энэ дасгалыг буруу хийхээс зайлсхийгээрэй. Дасгалыг буруу хийх нь шээс дусагнах, аарцагны өвдөлт, нурууны өвдөлтийг улам даамжруулах учраас өөрийгөө жирэмслэлтэнд бэлтгэж байгаа бол мэргэжлийн хөдөлгөөн засалчаас зөвлөгөө аваарай.
  2. Хэвлийн булчингийн дасгал. Жирэмсэн болох үед хэвлийн урд булчин сунаснаас diastasis recti буюу хэвлийн булчин тусгаарлагдаж сунана. Хэвлийн булчин сунаж, хүч нь сулраснаар нурууны өвдөлт, аарцагны өвдөлт, бусад өвдөлтүүд ч илэрдэг. Хэвлийн урд булчингийн хүч султай эмэгтэйчүүдийн ихэнх нь төрсний дараа “pooch” (бидний сайн мэдэх хүүхэлдэйн киноны баатар) галбиртай болчихдог. Зарим эмэгтэйчүүд дасгал хийхдээ суух босох дасгал хийдэг. Энэ нь жирэмсэний үеийн болон дараах үед хэвлийн урд булчингийн хоорондын зайг ихэсгэх, шээс дусагнах, нурууны өвдөлт ихсэх эрсдлийг нэмэгдүүлдэг. Иймээс дасгалд хамрагдах бол мэргэжлийн хөдөлгөөн засалчидтай холбогдож өөртөө тохирсон зөв хөтөлбөр боловсруулаарай.
  3. Зөв амьсгалах. Зөв амьсгал нь эрүүл жирэмслэлтийг дэмжихэд чухал үүрэгтэй. Аливаа дасгал хийхээс өмнө амьсгал зөв гаргах текникийг давтаарай. Зөв текникээр гаргах нь их бие, аарцагны гүний булчингийн агшилтыг зохицуулах, гэмтлээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм шүү.
  4. Тогтмол системтэй дасгал хөдөлгөөн хийх. Дасгалыг тогтмол системтэй хийснээр амьсгал, зүрх судасны ачаалал даах чадварыг нэмэгдүүлэх, биеийн жингээ хадгалах, булчингийн хүчийг сайжруулахаас гадна сэтгэлзүйн олон эерэг нөлөөг үзүүлнэ. Хэрвээ та жирэмслэх төлөвлөгөөтэй байгаа бол урьдаар биеийн байдалдаа үнэлгээ хийлгэж, өөртөө тохирсон хөтөлбөрийг гаргах зорилгоор хөдөлгөөн засалчид хандахыг зөвлөж байна.
  5. Зөв төрх байдлыг хадгалах. Буруу төрх байдал, дадал нь жирэмсэн үеийн нуруу, аарцагны өвдөлтийн шалтгаан юм. Хөдөлгөөн засалч нь таны бие махбод, төрх байдалд үнэлгээ өгөхөөс гадна амьдралын буруу дадалтай холбоотой өвдөлт, гэмтэл, өвчлөл, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх зэрэг жирэмсэхээс өмнө өөрийгөө бэлтгэх зөвлөгөө өгөх юм.